Горилогчдод зориулсан заавар

Байнга оршин суух зөвшөөрөл авахад шаардагдах чех хэлний шалгалт өгөх горилогчдод зориулсан заавар (2016 оны 1-р сарын 1-ээс хүчинтэй)

ШАЛГАЛТЫН ӨМНӨ

А) Нэгдсэн журмаар тогтоосон хуваарь

Чех хэлний шалгалт нь Бүгд Найрамдах Чех Улсын нутаг даяар лхагва гариг тутам болон сар бүрийн 2 дахь бямба гаригт (тухайн өдөр улсын баяр таарахгүй бол) явагдана. БНЧУ-ын улсын баяр лхагва гаригт таарвал шалгалтыг пүрэв гаригт, сарын 2 дахь бямба гаригт таарвал дараагийн бямба гаригт авна.

Шалгалт болох хуваарь, цаг болон тухайн хуваарь, цагт авах шалгалтын хувилбарыг Боловсрол, залуучууд ба биеийн тамирын яам тогтооно. Шалгалтын цаг нь тест хийх мөчөөс эхлэх ба доорх хураариар явагдана:

- Сондгой долоо хоногийн лхагва гариг бүрт 9:00-10:00

Тэгш долоо хоногийн лхагва гариг бүрт 13:00-14:00

- Бямба гариг бүрт 9:00 - 10:00

Шалгалт нь ямагт дурдсан цагийн хооронд эхэлнэ. Шалгалт эхлэх тодорхой цаг болон шалгалтын шинэ хуваарийг шалгалт өгч болох байгууллагаас шууд авна уу. 

Б) Шалгалтанд хэн бүртгүүлж болох вэ?

Шалгалтанд БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсч буй горилогч бүртгүүлнэ. Шалгалтанд доорх горилогч бүртгүүлж болно:

а) Дотоод яамнаас олгосон шалгалт үнэ төлбөргүй өгөх Эрхийн бичигтэй

эсвэл

б) шалгалт авах зохих байгууллагад шалгалтын хураамж төлсөн.

C) Шалгалтанд хэзээ, хаана, яаж бүртгүүлж болох вэ?

Горилогч шалгалт авдаг байгууллагад өөрийн биеэр, утсаар эсвэл и-мэйлээр шалгалтанд бүртгүүлж болно. Эдгээр байгууллагуудын талаарх мэдээлэл болон тэдэнтэй харилцах хаягийг Шалгалт өгч болох газрууд хэсгээс харна уу. Танд Дотоод яамны Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасгийн аймаг орон нутаг дахь салбарын (www.mvcr.cz) ажилтнууд шалгалт авч буй байгууллагуудын талаар мэдээлэл өгөх ба эндээс горилогч шалгалт өгөх Эрхийн бичгээ авна.

Горилогч сонгосон байгууллагад шалгалт болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө шалгалтанд урьдчилан бүртгүүлнэ. Шалгалтанд оройтож бүртгүүлбэл хүлээж авахгүй! Шалгалт авах байгууллагад өөрийн овог нэр, хүйс, улсын харьяалал, оршин суух бүртгэлтэй газрын хаяг, төрсөн он сар өдөр болон төрсөн газар зэргийг мэдэгдсэн байх шаардлагатай. Мөн шалгалт анх удаа өгч байгаа бол Эрхийн бичгийн эх хувь,мөн хүндэтгэн үзэх шалтгаантай горилогч нь эмчийн тодорхойлолт эсвэл хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлж, нотолсон өөр бичиг баримтыг авчирна. Хэрэв горилогч биеэр очиж бүртгүүлэхгүй тохиолдолд Үнэмлэхийн хуулбарыг шуудан эсвэл мэйлээр урьдчилж явуулахыг  зөвлөж байна.

Шалгалтанд бүртгүүлэх үеэр шалгалт зохион байгуулагч нь шалгалт авах өдөр, цагийг хэлж өгнө.

Г) Шалгалтын хураамж

Хэрэв горилогч чех хэлний шалгалт үнэгүй өгөх Эрхийн бичигтэй бол нэг шалгалтыг үнэгүй өгөх эрхтэй. Шалгалтыг давтан өгөх тохиолдолд шалгалтын хураамж 1500 чех кроныг төлнө. Энэ хураамжийг шалгалт болохоос өмнө төлсөн байх шаардлагатай.

Д) Сорилын хэлбэр

БНЧУ-д байнга оршин суухыг хүсэгчдэд зориулсан чех хэлний шалгалт нь бичгийн болон аман гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Бичгийн шалгалтаар унших, сонсох, бичихийг сорьж үзэх ба ойролцоогоор 80 минут үргэлжилнэ. Энэ нь зөвхөн шалгалт үргэлжлэх хугацаа болохыг анхаарна уу. Бүртгэл болон завсарлагын цаг зэргийг оруулбал шалгалт нь олон цагаар үргэлжилнэ. Бичгийн шалгалтанд тэнцэхийн тулд горилогч нийт 60 онооноос 36-аас доошгүй оноо авсан байх шаардлагатай. 

Хэрэв Та бичгийн шалгалт амжилттай өгвөл тухайн өдөр 10 минут үргэлжлэх аман шалгалтанд орно. Нийт авч болох 20 онооноос доод тал нь 12 оноо авсан байх шаардлагатай.

Шалгалтын загварыг (Харилцаа үйлдэлтэй загварчилсан сорил) цахим хуудаснаас харж болно. Шалгалтанд бэлдэх загварчилсан номыг шалгалт авах байгууллагууд, Дотоод яамны (www.mvcr.cz) Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасгийн аймаг орон нутаг дахь салбарууд эсвэл Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих төвүүдээс авч болно.

 Шалгалт өгөхөөр зорьж буй горилогчдод Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл авахад зориулсан чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү гарын авлага бас байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Гарын авлага хэсгээс хараарай.

Шалгалтын өдөр

  • Горилогч бүртгүүлэхдээ өөрийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл бүхий баримт (оршин суугаа газрын бүртгэлтэй) болон (шалгалтанд анх удаа орж буй тохиолдолд) Эрхийн бичгийн эх хувийг үзүүлнэ.
  • Горилогч ирц бүртгэлийн жагсаалт дээр гарын үсэг зурна. 
  • Хэрэв горилогч шалгалтанд хоцорч ирвэл тухайн өдөр шалгалтанд оруулахгүй бөгөөд шалгалт авах байгууллагатай өөр өдөр цагийг тохирох хэрэгтэй.
  • Бүртгэл хийх үеэр горилогчдод бүртгэлийн дугаар бүхий карт өгөх ба шалгалтын туршид энэ дугаараар явна.
  • Шалгалт авах танхимд орсны дараа шалгалт авч буй багш горилогчийг суулгана. Горилогч гадаад паспортаа бүртгэлийн дугаартай картны хамт ширээн дээр тавих бөгөөд эдгээр нь бичгийн шалгалтын туршид ширээн дээр ил байж байх ёстой.
  • Горилогч нь шалгалт авах танхимд гар утсаа ямагт унтраасан байх ёстой.
  • Горилогч нь цүнх, ном, толь бичиг, тэмдэглэлийн дэвтэр, бичлэгийн тоног төхөөрөмж, гар утас болон өөр эд зүйлсээ бусдад харагдахаар, гэхдээ өөрөөсөө холхон тавина.
  • Бичгийн шалгалтын үеэр горилогч шалгалт авч буй танхимаас гарч явж болохгүй тул бичгийн шалгалт эхлэхээс өмнө бие засахыг зөвлөж байна.
  • Горилогч шалгалт авах танхимд зөвхөн байгууллагын ажилтны заавар зөвшөөрлөөр орж болно.
  • Бичгийн шалгалт дууссаны дараа горилогч шалгалтанд хийсэн бүх ажлаа (хариултын хуудас ба даалгавар) бүртгэлийн дугаартай картын хамт хураалгана.
  • Горилогчид бичгийн шалгалтын дүнтэй хэзээ, хаана танилцаж болохыг бичгийн шалгалтын үеэр хэлж өгнө.
  • Бичгийн шалгалтанд унасан горилогч шалгалтыг дараа дахин өгч болно. Шалгалт дахин өгөх бүртээ хураамж төлөх ёстой. 
  • Бичгийн шалгалт амжилттай өгсөн горилогч ямар дарааллаар аман шалгалтанд орохоо сонсоно. Хүндэтгэн үзэх шалтгаантай горилогч, жирэмсэн эмэгтэйчүүд гм аман шалгалтанд түрүүлж орох эрхтэй.
  • Шалгалт авч буй байгууллагын ажилтнууд нь горилогчид хаана хэдэн цагт аман шалгалт авахыг хэлж өгнө. Аман шалгалтанд горилогч товлосон цагийг баримтлан ирнэ.
  • Аман шалгалт болж буй танхимд орохоос өмнө горилогч гадаад паспортаа үзүүлэх ба бүртгэлийн дугаар бүхий картыг дахин авна.
  • Аман шалгалт дууссаны дараа горилогч шалгалтын дүнг хүлээнэ.

ШАЛГАЛТЫН ДАРАА

  • Аман шалгалт амжилттай өгсөн горилогчид Чех хэлний мэдлэг тодорхойлсон Гэрчилгээг олгоно.
  • Аман шалгалтанд унасан горилогч шалгалтыг дараа дахин өгч болно. Шалгалт дахин өгөх бүртээ хураамж төлөх ёстой.
  • Хэрэв горилогч тухайн байгууллагад дахин шалгалтанд орохыг хүсвэл дараагийн шалгалтанд шууд бүртгүүлэхийг зөвлөж байна. 
  • Шалгалтын дүрмийн дагуу шалгалтын баримт бичиг, өөрөөр хэлбэл шалгалтын даалгавар болон хариултын хуудсыг харж болохгүй гэдгийг шалгалт өгөх хүн бүрт анхааруулж байна!